Saturday, February 23, 2019

Өгүүллэг: Б. Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхдаа би баян байсан

Related image

Түүний уянга яруу найргийн мөрүүдэд ижийгээ гэсэн хүүгийн сэтгэл тэр чигээрээ шингэчихсэн байх шиг санагддаг. Түүнтэй ижийнх нь тухай хөөрөлдөв. 

...Эх бүхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай-сүүн мөрөн
Ижий мөрөн
Үрээ л дагаж урссан
Үйлийн үртэй-цагаан мөрөн
Ижий мөрөн... 

-Миний ижий хуучнаар Түшээт хан аймаг, Дачин бэйсийн хошуу, Чандмань отгийнх. Одоогийнхоор Төв аймгийн Өнжүүл сумын хүн.
Булгийн ухаа, Дааган дэлээр нутагтай Доной гэж хүний хамгийн том охин. 1943 онд манай эцгийг цэргээс халагдаж ирсний дараа гэрлэсэн гэдэг. Би эхээс ганцаараа хүн. Надаас өмнө хоёр охин төрөөд эндчихсэн гэдэг. Надаас хойш ч хүүхэд гараагүй. Манай нутаг усныхан мэднэ л дээ. Бавуугийн ганц хүү гээд.
Ижийнхээ ажил төрөл хийгээд гялалзаж явахыг мэдээ орсон цагаасаа хойш мэдэхгүй. Ижий минь бие муутай, үргэлж л хэвтэж байдаг сан. Нэг хоёр өдөр босоод л хэвтээд өгнө. 1951 онд аав Намын хянан шалгах хороонд байхад ижий Идэвхтэний больниц гэдэгт хэвтэж, савны их хүнд хагалгаа хийлгэсэн юм. Түүнээс хойш даралт нь ихэснэ, бие нь өвдөөд л. Миний ижий хорвоод зовох гэж ирсэн юм шиг л байдаг сан. Тэгээд 44 насандаа өөд болсон доо.
...Өвчтэй ижийнхээ цонхигор дэрний дэргэд
Өдөржин шөнөжин өрөвдөхийн уяатай байж
Өдий төдий олон тоглоомноос татгалзаж
Өөрийгөө би авч үлдэж чадсан болохоор
Надад бага нас байгаагүй... 

-Миний бага нас ижийдээ эрхлээд л өнгөрсөн. Ижий минь та тэгж явсан уу гэж ухаан орсон хойноо ч асуугаагүй юм. Намайг хорьтойдоо гаргасан. 25 хүрэх гэж байхад миний жилийг угтаад л өнгөрсөн. Тийм ухаан ортлоо хамт байсан мөртлөө ижийгээ шалгааж байгаагүй л байсан байгаа юм. Хамгийн ойрын, хамгийн сайн мэдэх ёстой хүн нь атлаа би ижийгээ өвчинд шаналж байсныг нь л мэдэхээс дотор сэтгэлийг нь, юу боддог, юу мөрөөддөг байсныг нь мэдэхгүй л өнгөрч. Гурван ч хүүхдийг минь хүн төслүүлж өгсөн.
Бие муутай мөртлөө хүүхдүүдийг минь хардаг л байсан даа, миний муу ижий. Тэгэхээр ижийдээ юм нэмж биш, ижийгээсээ хороож л амьдардаг байсан юм байна. Гайхуулж, баярлуулж ч чадсан юмгүй. Гэхдээ хүү чинь архи уужээ, хүү чинь жудаггүй явна гэж зовоогоогүй. Тэр ч бүү хэл хүү чинь муу сурч байна гэж эцэг эхийн хуралд нэг дуудуулаагүй.
...Эмээгийн үүрдэг арагны үдээр
Тас үсэрсэн өдөр
Би төрсөн
Хөөрхий минь өвдөхдөө базсийм гэнэ лээ
Ижий минь биеэ хуурайштал
Цусаа асгасан өдөр
Би төрсөн
Хөх уулсаа гомдоохооргүй хүн явахийм гэнэ лээ... 

-Ижий минь намайг зураач болно гэж бодож өнгөрсөн байх. Яагаад гэвэл миний анхны сонирхсон ажил зураг. Би олон номын зураг зурсан. Тэгээд улаан булан, намын кабинет тохижуулах гээд зураг л миний ажил байв. 1962 онд анхныхаа шүлгийг хэвлүүлчихээд 1982 онд ном гаргатлаа зураг л зурж хэдэн хүүхдээ тэжээсэн. “Утга зохиол” сонинд зураач байлаа.
Миний үеийнхний бараг бүх номын чимэглэл миний гараар орсон доо. Тэгэхээр ижий намайг том шүлэгч болно гэж бодоогүй байх. Тэр үед би “Шүхэр цэцэг” гэдэг найраглал бичсэн минь “Улаан од” сонинд хэсэглэж нийтлэгдсэн. Түүнийг үзсэн байх. Тэглээ ч яруу найрагч хүүгээ хорвоод үлдээлээ гэж бодоогүй л байх даа.
...Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг, нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр, инээд хоёртоо бялуурсан наадам
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн... 

-Би ижийдээ зориулж дуу, шүлэг л бичдэг болохоос их том найраглал, дууль, жүжиг бичээгүй. Гэхдээ жилд ямар ч байсан нэг дуу хийнэ гэж зүтгэдэг зантай. Хамгийн анх ижийдээ зориулж “Ижийтэйгээ үзсэн наадам” шүлгээ бичсэн. Миний санаанаас гардаггүй нэг наадам байдаг юм. Намайг хоёрдугаар ангид байхад ижийгийн бие муудаад аав Засгийн газарт ажиллаж байснаа хөдөө гарлаа.
Лүн суманд сум, нэгдлийн даргаар очсон. Тэр зун сумын наадамд ижийтэйгээ хамт явсан. Би бодвол Мягмарнаран, Идэрбат эд нартай л тоглоод алга болчихсон байх. Орой харьсан хойно ижий “Өнөөдөр сумын наадам дээр хүүгээ алдчих шахлаа. Төөрөөд” гэж билээ. Сумын наадам хүн төөрөхөөр нүсэр болохгүй шүү дээ. Намайг хажуугаасаа салгахгүй. Би ч хүүхдүүдийн тоглоомноос олон удаа хоцорсон доо. Хүүхдүүд гадаа шуугилдаад тоглож байхад би ижийгээ хараад хажууд нь сууж байдаг сан. Гаргах дургүй байх шиг болохоор нь би аяыг нь хараад сууж л байна. Бие нь гайгүй босч байвал намайг дагуулаад гадуур дэлгүүр, хоршоогоор явна. Аав бол олдохгүй. Ажил ихтэй.
...Би гэдэг
Эхийнхээ хэвлийд арван сар
Уруугаа урган ургаж
Эх газарт хүрүүтээ
Дээшээ урган ургасан
Цаг тооны үргэлжлэл
Цагаан сүүний ургамал... 

-Ижийгээсээ “Та ямар хүн байв” гэж асуудаг ч үгүй, ижий ч ярьдаггүй байж. Хааяа нутгийн улсаа л ярихаас хэтрэхгүй. Бид хоёр юу ярьдаг ч байсан юм бүү мэд. Намайг ингэж болохгүй, ийм хүн болоорой гэж байсныг нь санадаггүй юм. Ганц хүүхэд их даруулгатай хоёр том уулын дунд хавчуулагдсан жижигхэн толгод шиг л өсдөг. Түүнээсээ ч болдог уу ганц хүүхэд их эрт хэрсүүжиж, аминчхан, бас харамч болдог шиг байгаа юм.
Намайг жаахан байхад ижийгийн нэг сохор ах бидэнтэй хамт байсан юм. Тэр ах минь 33-хан насандаа өөд болсон. Түүнийг өөд болоход аав эзгүй. Манайх аймгийн төв дээр. Аав сум руу яваад шүлхийн хорионд орчихсон. Гэртээ ирж чаддаггүй. Үхсэн хүнээ гаргаж чадахгүй хамт гурав хоносон юмдаг. Ижий “Шөнө унтахдаа хүүгээ ханан талдаа аваад биеэрээ халхлаад шөнөжин мэгзэм уншаад хонодог сон” гэж ярьж байсан.
...Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг одоо эргэж бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж... 

-Хүүгээ найман нас хүртэл нь буруу энгэртэй дээл, урт гэзгээр гоёсон хүн дээ, миний ижий. Хүүхэд тогтдоггүй айл тэгж домнодог шүү дээ. Өнжүүлийнхэн мэднэ дээ. Явуу зүүчихсэн хөгийн л амьтан явж. Сургуульд орохдоо л зөв энгэртэй дээл өмсч, гэзгээ авахуулсан. Ижий гээд бодохоор олон ангитай кино шиг хөврөх олон дурсамж надад бий. Ижий юм их оёно. Уран ч хүн байж. Бие нь гайгүй бол өндийгөөд суучихсан юм оёж байх. Хавийнхан ч дээл хувцас их хийлгэнэ.
Юуны тулд биеэ муутган барин тэгтэл их юм оёдог байсан юм бол. Тэр үед аав ажил төрөлтэй, манайх лав идэж уух, өмсөх зүүхээр дутаагүй гэж одоо би боддог юм. Гэвч яагаад гэдэг тайллыг олж чадаагүй. Ижий их сайхан өндөр нуруутай, том биетэй хүн байсан. Би өнөөдөр тавь хол гарахдаа хөлөө хуãалж, хоёр удаа хэвтсэнээс өөр нэг их айхтар өвдөж байсангүй. Надад бурхнаас хуваарилсан өвчин гэж байсан бол тэрийг ижий минь урьдчилаад хүүгийнхээ өмнөөс эдэлчихсэн байх.
...Болгоомжгүй багын зан хатгаж
Бороо дусаж байгаа юм уу гэж асуусан
Тийм ээ, миний хүү гэж ижий минь
Тэнэглэхийг минь нуусан
Бодлын “үүлтэй” ижий минь
“Бороошиж” байсан нь тэр юм билээ
Нуусаар байтал нь асгарсан нулимс
Нүүр оносон нь тэр юм билээ... 

-Ижий их уяхан. Дандаа нууж уйлна. Далд нулимстай хүн байж. Хүн ер нь ухааныг эцэг, эхээсээ авдаг бол би ижийгээсээ л авсан. Хэрвээ надад ухаан гэж байдаг бол тэр ижийгийнх. Бусдаараа би ижийгээ дууриагаагүй юм билээ. Гадаад төрх, царай зүс, ярих нь хүртэл яг аав гэдэг юм, манай нутгийнхан. Намайг долдугаар ангид байхад нэг зун ээж пөг пөг гээд тэрүүхэндээ инээгээд байх юм. Яасан гэсэн чинь “Агваандорж овоон дээр гараад гутлаа тайлж ороолтоо сэврээх гэсэн чинь үнэрт нь морь нь үргээд явгалчихаж. Тэгээд явган ирж явна” гэнэ.
Тэр хүн манай тэндээ л шивэртэйгээрээ алдартай хүн байсан юм. Тэгээд ижий надад “Миний хүү ч шивэргүй л дээ. Гэхдээ хөлөө сайн угааж байгаарай. Эр хүн чинь эмэгтэй хүний өвөрт хөлөөрөө эхэлж ордог юм шүү дээ” гэж билээ. Ижийгээс минь үлдсэн нэг шилэн ээмэг одоо надад бий. Ганц нэг сам шүүр ч бий. Яагаад ч юм миний ижий насаараа алт зүүгээгүй. Өөрөө сонирхдоггүй байсан юм уу, бүү мэд. Сайхан дээлнүүд байсан. Өнгөрөхөд нь дүү нарт нь өгчихсөн. Хоёр эмэгтэй дүү нь ижийтэй хэчнээн адилхан гээч.
...Амьдрах заяаны зөнд хатан
Алхаа сүүдэр хоёроо нийлүүлэн
Бүрэг зангийнхаа “хил” дээрээс
Бүтэн жил чамайг хүргэж ирсэн
Нэг л өдөр би чамайг
Гэрийнхээ үүдэнд хүргэж ирсэн
Ижийдээ нэрийг чинь хэлж
Ичиг хагарч амарсан... 

-Миний хань хар нялхаараа манайд ирсэн. Надад сайн хань болно гэдгийг есдүгээр ангийн жаахан охин байхад нь л ижий минь таньсан.
Би өмнө нь ганц нэг удаа дагуулж ирээд танилцуулчихсан. Тэгээд ч манай өөдөөс харсан хашааны хүүхэд болохоор ерөнхийдөө мэднэ. Гэрт хүн ихтэй байвал ижий пингийн хажууд хоёр сандал тавиад өгчихнө. Бид хоёр тэнд нь яриад сууж байна. Нэг удаа бригад явчихаад ирсэн чинь ижий армур гэж даавуугаар Баасанд минь дээл хийж өгөөд, хөнжилтэй юутай хээтэй нь гэртээ аваад ирсэн байж билээ. Айхтар ухаан шүү.
Үерхэж тоглож байна, нэг нэгэндээ сэтгэлтэй юм гэдгийг мэдчихсэн хэрэг шүү дээ. Тэгээд ч би тэр үед жаахан онгироодуу, тэнэх дуртай, зодолддог, нэг л тийм буруу тийш эргэчих гээд байсан шиг байгаа юм. Ганц хүүгээ дийлдэхгүй танхай амьтан болчих вий гэж айгаад хурдхан уяад авъя гэж бодоо биз. Ижий Баасанг минь “Хормой намгар юм, олон хүүхэдтэй болно. Миний хүүд сайн хань байж чадах охин” гээд их тооно. Намайг эзгүйд ижий Баасан хоёр өвөртөө л унтдаг байсан гэдэг.
...Судас нь лугшиж халуу дүүгсэн
Бурхны өвөр дээр тоглодог байсан...
Сүнс зайлам харанхуйн дунд
Сүү нөмөрч унтдаг байсан...
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон
Гэхдээ... 

Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан...

Sunday, February 17, 2019

"Залуу нас болон гоо үзэсгэлэн улирлын чанартай учир эцэст нь эрдэм мэдлэг л үлдэнэ"

Танд урам зориг өгөх үгсийг Раф Симонс, Карл Лагерфельд, Миуча Прада нар хэлж байна (фото 2)


Чи бусдаар шүүмжлүүлж байж шүтэн бишрэгдэж чадна.
Загвар бол миний хийдэг зүйл мөн, тиймдээ ч энэ нь миний нэг хэсэг болоод зан чанарт минь уусч эхэлсэн. Гэвч надад загвар зохионо гэдэг хэзээ ч ажил хийж байгаа мэт санагддаггүй. 
Би маш үзэсгэлэнтэй, тэгш хэмийг бүтээхийг зорьдог. Энэ бол эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй болгох, эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй хувцас өмсөхийг мөрөөддөг болгох гэсэн үг юм.
Тодорхойлж чадахгүй байгаа зүйлдээ би маш их татагддаг. Учир нь ямар нэгэн зүйл хэт тодорхой болоод ирэхээр утгаа алдаж, намайг хөглөхөө больчихдог.
Ирээдүй надад маш романтик зүйл.
Миуча Прада

Tuesday, June 19, 2018

Өглөө бүр өөртөө хэлж урам зориг өгөх онч үгс!



Ямар нэгэн зүйлийг хийж дуусгахад таныг сэргээж, хүч өгөх зүйл хэрэг болдог уу? Намагт шигдчихсэн мэт санагдаж мөрөөдлөө орхих тухай бодол сэтгэлийг тань шаналгадаг уу? Эмх замбараагүй бодлоо цэгцлэх, бүх зүйлийг байранд нь байлгах гайхалтай онч үг бий. Энэ нь тархийг эрүүл саруул хийгээд сэргэг байхад тустай.
 
АНУ-ын зохиолч, бизнесмэн Гари Вайнерчукийн хэлсэн онч үг болох амьдралын хамгийн гол зүйлийг марталгүй санаж байхад тань туслах тэрхүү үгийг хуваалцаж байна. Энэхүү гайхалтай онч үг нь гуравхан үгнээс бүтнэ: “Чи мөнх оршихгүй“. Би таныг айлгахыг хүссэнгүй харин мөн чанарыг ярьж байна. Нэг л амьдрах учраас аз жаргалтай бай. Өөр боломж бидэнд үгүй. Дэлхий дээр маш олон хүн эргэн тойрныхоо хүмүүсийн аз жаргалыг хуваалцдаг. Бусад хүмүүсийг аз жаргалтай байлгах, тэднийг амжилтанд хүрэхэд нь түлхэц өгөх нь яагаад надад таалагддаг гэж бодож байна? Яагаад гэвэл би өөрөө аль хэдийн аз жаргалаа олчихсон. Магадгүй энэ дэндүү хувиа хичээсэн мэт сонсогдож байгаа байх, гэхдээ хамгийн түрүүнд өөртөө аз жаргалыг бий болгох хэрэгтэй. Харин үүний дараа бусад хүмүүсийг аз жаргалтай болгох. 

Таны одоо хийж байгаа зүйл илүү амжилттай болж чадах уу? Өөрөөсөө асуугаад үзээрэй. Ганцхан ажлын талбарт ч биш, өдөр тутмын амьдралдаа амжилт гаргаж чадах болов уу? Хэр их мөнгө олж байгаагаар биш харин түүнийгээ олохдоо хэрхэн хийдэг вэ гэдгээр л аз жаргалтай хүн гэж хэн болохыг тодорхойлж болно. 

Би дөнгөж 20 настайдаа 90-с дээш насны хүмүүстэй ихээхэн цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн. Тэдгээр хүмүүстэй хэзээ, хаана, хэрхэн тааралдсан нь чухал биш. Мөн энэ нь аялал аль эсвэл ажил уу гэдэг нь ч бас чухал биш. Би тэдгээр хүмүүсээс өөрийнхөө амьдралыг ярьж өгөөч гэж гуйсан юм. Бүх хүн ярьж эхлэхдээ “Харамсалтай нь …” гэдэг үгийг хэлж байлаа. Нэг нь хангалттай ажиллаж чадаагүйдээ харамсаж байсан бол өөр нэг нь ойр дотны хүмүүстээ хангалттай цаг гаргаж чадаагүйдээ харамсаж байв. Харин зарим нь эцэг эхийнхээ хүслийг дуулгавартай дагах минь яав даа гэж харамсаж байлаа. Хүн бүр л харамсалтай нь, харамсалтай нь, харамсалтай нь гэдэг үгийг хэлсээр… 

Эдгээр хөгшчүүлтэй хамт байхдаа би дараах зүйлийг сурсан юм. Хэрвээ ямар нэгэн зүйлийг эхлүүлэхийг хүсэж байгаа бол яг одоо эхлэх хэрэгтэй. 

Та дөнгөж 20 гаран настай бол яг одоо эхэл. Яг одоо хийж байгаа зүйлээ хамаг хүч чадлаараа хий, туршлага хуримтлуул, боломжоороо их мөнгө цуглуул, тэгээд түүнийгээ өөртөө зарцуул. Жишээ нь тансаг машин худалдаж авч болно шүү дээ. Найз нөхөдтэйгөө аялалд яв, энэ ертөнцийг өөртөө нээ, авьяас чадвараа хөгжүүл, та өөрийнхөө амьдралыг ямраар төсөөлж байна түүнийгээ бүтээ. Яг одоо л энэ бүгдийг хийх цаг. Хэрвээ та 40, 50, 60 нас хүрсэн бол танд ч бас аз жаргалтай хүн болох хугацаа хангалттай байна. Хэрвээ та энэ зүйлийг үнэхээр их хүсэж байвал шүү дээ. Магадгүй тэтгэвэрт гарах цаг болсон байвал та өөрийнхөө хамгийн их хүсэж буй зүйл дээрээ төвлөрөх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт бид бүгдээрээ үхнэ. Хэдэн настай вэ гэдгээс үл хамааран аз жаргалтай хүн болохын тулд байгаа цаг хугацаагаа л зөв ашиглах хэрэгтэй. Бид өөрсдөө сэтгэл дотроо цогцлоохыг хүсдэг тэр амьдралыг бодитоор бий болгох боломж, итгэл найдвар бидний өмнө нээлттэй байна. Хүмүүс боломжийг хэрхэн алдаж байгааг би анзаарсан. 

Дараа тохиромжтой цаг үед нь боломжийг ашиглая гэж тэд боддог. Хүмүүс цаг хугацааг хэмжээ хязгааргүй мэт сэтгэж амьдардаг. Гэхдээ бид цаг хугацааг хязгааргүй биш гэдгийг бүгдээрээ мэддэг. Энэхүү нийтлэлийг уншаад өөрийнхөө хандлагыг ажиглаж, би ямар боломжийг алдсан байж болох вэ гэж өөрөөсөө асууж байгаа бол, эсвэл би боломжийг алдахгүй гэж өөртөө амлаж байгаа бол миний бичвэрийн үр дүн гаржээ гэж би ойлгох болно. Яагаад гэвэл бид ердөө ганц л амьдарна шүү дээ. Өглөө бүр “Чи мөнх оршихгүй“ гэдэг үг таныг орноос тань босгож юу хүссэнээ хийхэд тань туслах болно. Танд ганцхан амьдрал, ганцхан боломж бий. Тиймээс шалтаг хайж зогсолгүйгээр аз жаргалтай амьдралынхаа замыг эхлүүлээрэй.





Өгүүллэг: Б. Лхагвасүрэн : Ижийтэйгээ байхдаа би баян байсан

Түүний уянга яруу найргийн мөрүүдэд ижийгээ гэсэн хүүгийн сэтгэл тэр чигээрээ шингэчихсэн байх шиг санагддаг. Түүнтэй ижийнх нь тухай х...